Та тоглоомын улаан хорхойтон эсвэл утасныхаа тоглоомоо үе үе тоглочихдог шинэхэн тоглогч байхаас үл хамааран, видео тоглоомын тусламжтайгаар хэлээ сайжруулах боломжтой.

movie

Видео тоглоом анх үүссэн цагаасаа эхлээд л муу нэр зүүсээр ирсэн. Гэмт хэргийн гаралт өсөх, сэтгэн бодох чадвар муудах гээд бүхий л зүйлд бид видео тоглоомыг буруутгаж хардаг. Өнөө цагт видео тоглоом нь тоглоомчдын хүрээлэлээс нэгэнтээ хальж, олон нийтийн дунд ч түгээмэл болсон ч сайн нэр олоогүй л байна.

 

Гэвч видео тоглоом нь үнэн хэрэгтээ бидний төсөөлж байгаагаас ч илүү эерэг нөлөө үзүүлж чаддаг. Бид тоглоомыг амьдралд сайнаар нөлөөлөх олон аргаар ашиглаж болно. Жишээ нь, видео тоглоом тоглох, хэл сурах хоёрыг хослуулж болох юм.

 

Хэрэв та тоглоом тоглонгоо, хэлээ сайжруулахыг хүсч байвал, бид танд хэрэг болох зөвлөмжүүдийг хүргэе. Та “Atari 2600-аас хойш тоглоомонд дурласан жинхэнэ хорхойтон, эсвэл “Candy Crush”-ыг дөнгөж тоглож сурч байгаа шинэхэн тоглогч байхаас үл хамааран хэлний мэдлэгээ нэмэгдүүлж болох хэд хэдэн арга бий.

 

1. Хэлний тохиргоогоо өөрчил

Бид технологи болон хэл сурах талаар ярих болгондоо юун түрүүнд тохиргоогоо өөрчлөх энгийн алхамыг санал болгодог. Энэ нь маш хялбар бөгөөд суралцаж буй хэлээ өдөр тутмын хэрэглээндээ оруулахад тусладаг хамгийн үр дүнтэй арга юм.

 

Хэлний тохиргоогоо өөрчилснөөр та “Цэс”, “Эхлүүлэх” зэрэг хялбар үг сурахаас гадна маш олон зүйл мэдэж авах боломжтой. Юун түрүүнд утсаа хэрэглэж заншсан таны хэв маяг бүхэлдээ өөрчлөгдөх болно. Хэрэв та Animal Crossing: New horizons тоглож байгаа бол Nintendo Switch”-ийн хэлний тохиргооноос тухайн хэлээ сонгоно. Ингэснээр та судалж буй хэлээрээ маш үр дүнтэйгээр унших дадлага хийнэ гэсэн үг.  

 

2. Хэл сурч байгаа найзуудтайгаа тогло

movie

Хэрэв танд ижил зорилготой найз, эсвэл бүр унаган хэлтэй гадаад найз байдаг бол та их азтай хүн юм. Харин энэ хоёр хүний аль аль нь байхгүй бол найзуудаа хэл сурахад уриалж болно шүү дээ. Мөн интернэт ашиглан ижил хэл судалж байгаа хамтрагчаа олж болохоос гадна цаашдаа өөр хэл сурах зорилготой нэгэнтэй ч танилцаж болно.

 

Та судалж байгаа хэлээрээ гадаад хүнтэй эсвэл найзтайгаа ярилцах нь яриагаа сайжруулах шилдэг аргуудын нэг мөн боловч тоглоомоор дамжуулан хэлний дадлага хийснээр цоо шинэ үр дүнг мэдрэх болно. Тоглоомын үеэр хэлний хамтрагчтайгаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн ярилцахын тулд хэн хэнээс нь хичээл зүтгэл шаардах байх. Учир нь харилцан яриагүйгээр тоглоомын даалгавруудыг хамтран биелүүлж, ялалтанд хүрэх боломжгүй. “League of Legends”-ийн дайснуудыг хамтран устгах, “Mario kart”-ийн уралдаанд нэг нэгэндээ түрүүлэх боломж олгох гээд тоглоомын явцад та өөрийн эрхгүй ярилцах шаардлагатай болно. Эцэст нь гэж хэлэхэд, видео тоглоом бол хөгжилтэй байдлаар хэл сурах хамгийн шилдэг арга шүү.

 

3. “Twitch”-д нэгдээрэй

Хэдхэн жилийн өмнө цахим орчинд хүмүүс бие биетэйгээ холбогдож, видео тоглоом тоглоно гэдэг санаа утгагүй тэнэг сонсогддог байлаа. Харин одоо бол энэ нь ашигтай бизнесүүдийн нэг болж, видео тоглоомын салбараас төрөх баячуудын тоо нэмэгдсээр байна. Тиймээс та ч мөн видео тоглоомыг ашигтайгаар эргүүлж, хэлээ сайжруулж болох юм. “Twitch”-ийг видео тоглоом тоглохоос гадна нэлээд өргөн хүрээнд ашигладаг. Тухайлбал, эндээс янз бүрийн ажил мэргэжилтэй, хүсэл зорилготой хүмүүсийг олох боломжтой.  Зарим нэг нь зүгээр л яриа өрнүүлэх хүсэлтэй байх нь ч бий. Бид хэдийгээр видео тоглоомын талаар онцлон ярьж байгаа ч, энэ бол маш олон боломж олгох сүлжээ учраас дурдахгүй байхын аргагүй.

 

Бидний өгөх зөвлөгөө маш энгийн. Та “Twich” рүү ороод хайлтын хэсэгт юу сурахаа бичихэд л хангалттай. Тэнд таны суралцаж байгаа хэлээр ярьдаг хэдэн зуу биш юм аа гэхэд хэдэн арван хүн гарч ирэх болно. Энэ зөвлөгөө тоглоом тоглохтой холбоогүй учир бусад зөвлөгөөнүүдээс арай өөр санагдаж мэдэх юм. Гэхдээ “Twich” танд хэлээ сайжруулах маш олон боломж олгох болно. Cонсох чадвараа хөгжүүлэхэд туслах олон орны хүмүүс энэ сүлжээнд байдаг. Мөн бичих болон унших чадвар сайжруулахад туслах chat box ч бий. Хэрэв та тоглох дуртай бол, сүлжээний тоглоомуудын тухай ярих чадвараа ч гэсэн “Twich”-ийн тусламжтайгаар хөгжүүлж болно.

 

4. MMORPG олон хэлээр тоглох

MMORPG /Massive Multiplayer Online Role-Playing Game/ буюу цахим орчинд дүр бүтээх тоглоом нь хэлний дадлага хийхэд маш тохиромжтой. Тоглох бүртээ та тоглоомын тохиргоо, тоглох ур чадвараа өөрчлөх шаардлагатай болдог. Төвөгтэй боловч энэ нь танд олон боломжуудыг нээж өгнө.

movie

Пол Севуки Рама 2014 онд дэлхийн хамгийн том цахим тоглоом болох “World of Warcraft”-ыг тоглож, испани хэл сурах зорилготой хүмүүсийн дунд судалгаа хийжээ. “World of Warcraft” нь серверүүдээ байрлалаар нь хуваадаг учраас Хойд Америкт амьдардаг хүн Латин Америкийн аль ч серверт элсэж, испани хэлтэй хүмүүст холбогдох боломжтой байсан. Судалгаанд оролцогч испани хэл суралцагчид эхлээд хоорондоо харилцаж, харилцан ярианы ур чадвараа сайжруулж байсан бол сүүлдээ бүр төрөлх хэлтэй хүмүүстэй ч харилцах хэмжээнд хүрсэн байна. Судалгаанд, энэхүү тоглоом нь хамтран ажиллах, эрэл хайгуул хийхийг дэмждэг тул хэл сурах таатай нөхцөл бүрдүүлж чаддаг болохыг онцолжээ. Мөн “World of Warcraft” болон үүнтэй ижил төстэй тоглоомууд тоглогчдын хэлний чадвар, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусалдаг тухай бусад судалгааны дүнг ч иш татсан байна.

 

Өөр хэлээр тоглоом тоглоход эхэндээ хэцүү, төвөгтэй санагдаж магад. Тиймээс эхлээд тантай хамт тоглож, суралцах зорилготой сайн хамрагч олж туршилт хийж үзэх хэрэгтэй. Хэн хэн нь тоглоход бэлэн болсон гэж үзэх үед, цахим ертөнц та бүхэнд сурч буй хэлэндээ дурлах шинэ үүд хаалгаа нээж өгөх болно.

 

5. Гар утсандаа хөгжилтэй тоглоом олж татаарай

“World of Warcraft” магадгүй таны сонирхолд нийцэхгүй байж болно. Тэгвэл ухаалаг утас хэдэн зуун тоглоом татаж авах боломжийг таны гарт атгуулж чадна. Тоглоомуудын ихэнх нь хэл сурахад хэрэгцээгүй байж болох ч, зарим нэг нь үнэхээр үр дүнтэй.

movie

Words with Friends - Энэ тоглоом үндсэндээ үг таах тоглоом юм. Таны утасны тохиргоо англи хэл рүү автоматаар шилжих болно. Гэхдээ та Герман, Испани, Франц, Итали, Португал хэлийг нэмж өөрчилж болно. Жаахан хэцүү санагдаж болох ч үгсийн сангаа ихэсгэх хөгжилтэй аргуудын нэг болно.

 

Animal Crossing: Pocket Camp - Хэрэв та “Animal Crossing”-ийн консол хувилбарыг тоглож чаддаггүй бол зүрхшээх хэрэггүй утасны хувилбарыг тоглож болно. Энэ нь бага зэрэг хязгаарлагдмал боловч  та Франц, Герман, Итали, Япон, Испани хэл сурахад ашиглах боломжтой.

 

Clue: The Classic Mystery Game - Та хүүхэд байхдаа тоглож байсан самбарт тоглоомыг санаж байсан уу? Тийм бол та “Clue”-г Франц, Герман, Итали, Япон, Испани хэл дээр (мэдээж Англи хэлээр) тоглох боломжтой. Энэ тоглоом таны гэмт хэрэгтэй холбогдолтой үгийн санг нэмэгдүүлнэ.

 

Fortnite -  “Fortnite” нь хоцрогдсон сонголт мэт боловч энэхүү алдартай тоглоомыг Араб, Франц, Герман, Итали, Япон, Солонгос, Польш, Португал, Орос, Хятад, Испани, Турк хэл дээр тоглох боломжтой. Буудлагын тоглоом нь шинэ хэл сурах төгс арга зам байж болохыг магадгүй та хэзээ ч анзаарахгүй байсан байх!

 

Эдгээр нь байж болох сонголтуудын зөвхөн нэг хэсэг нь юм. Хэл сурах тохиромжтой тоглоомоо олох арга бол аппликэйшн татаж авах хуудасны "хэл" хэсгийг шалгах явдал. Ингэснээр та тохиргоог нь өөрчлөх боломжгүй, хэрэгцээгүй олон янзын тоглоом татаж авахаас зайлсхийх болно.